Сод Монгол Групп нийгэмд чиглэсэн үйл ажиллагаагаа хөдөө орон нутаг руу хандууллаа

ММДС 2017-02-16

Сод Монгол Групп нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа 2011 онд хөдөө орон нутагт чиглэлээ. Тухайлбал, Дорноговь, Говьсүмбэр аймагт шатахуун түгээх станц 3, нефть бааз 2-ыг шинээр ашиглалтад оруулж, 6000 ажлын байр бий болгох “Сайншанд Рифайнери” нефть боловсруулах үйлдвэрийнхээ шавыг тавилаа. Ингэснээр Дорноговь аймгийг бид хамгийн хямд шатахуунтай аймаг болгох үндэс суурийг тавилаа.

Бид орон нутагт нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Сод Монгол Боловсрол Сан”-ийнхаа үйл ажиллагааны хүрээг өргөжүүлэн тэлж үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Боловсролын салбар хөдөө орон нутагт бүрэн хүрч үйлчилж чадахгүй байгаа учраас бид Замын Үүдийн хүүхдийн цэцэрлэгийн барилгад өргөтгөл хийж, Дорноговь, Говьсүмбэр аймгийн 5 цэцэрлэгт гүйлтийн зам, дугуй, фитнессийн өрөө, хүүхдийн тоглоомын өрөөнүүдийг тохижуулж, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын цэцэрлэгт угаалгын машин, Шивээ Овоо сумын сургуулийн дотуур байранд 2-р хоолны тогоо олгосон. Түүнчлэн Дорноговь аймгийн 33 хүнийг Эрдэнэтэд улс төрийн боловсролын академид суралцуулж, Дорноговь, Говьсүмбэр аймгийн сурагчдын дунд спорт, урлаг, танин мэдэхүйн тэмцээнүүдийг тасралтгүй зохион явуулж сурагчдыг гадаадад айлчлуулах эрх, эд зүйл, мөнгөн шагнал зэргээр урамшууллаа.

Мөн Дорноговь аймгийн 11 сум, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын эмнэлэгт шарлагын аппарат хандивласан. Мал эмнэлгийн хөнгөн шуурхай үйлчилгээг малчдад ойртуулах зорилгоор Дорноговь аймгийн 14, Говьсүмбэр аймгийн 2 сумын мал эмнэлэгт 17 мотоцикл олгосон, Дорноговь, Говьсүмбэр аймгийн ядуу амьдралтай 6 өрхөд гэр, эмчилгээ сувилгааны төлбөрийг хариуцаж буцалтгүй тусламж үзүүлсэн нь нутгийн иргэдийн сэтгэлд нэн нийцтэй байна.

Цаашлаад бид Дорноговь аймгийн Хатанбулаг сумыг цахилгаантай болгохоор Өмнөговь аймгийн Ноён сум дахь 200 кВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцыг Эрдэс Баялаг Эрчим Хүчний Яамаар уламжлан Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвтэй хамтран угсралт суурилуулалтын ажлыг санхүүжүүлэхэд хөрөнгө оруулагчаар оролцлоо. Орон нутгийн иргэдэд үнэ ханш, цаг агаарын мэдээ, нэн хэрэгцээтэй мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор Дорноговь, Говьсүмбэр аймгийн 17 суманд FM радиогийн тоноглол суурилууллаа.

Сод Монгол Групп нь бурхан шашны сүм хийд, зан үйлийг сэргээхэд ихээхэн анхаарч сүсэгтэн олныхоо хүсэлтээр Дорноговь аймгийн Сайншанд, Өргөн суманд хийдийг шинээр барьж байгууллаа.

Энэ 2012 онд “Сод Монгол Боловсрол Сан” нь хөдөө орон нутагт чиглэсэн энэхүү үйл ажиллагаа улам бүр өргөжүүлэн тэлж, улс орны хөгжил, орон нутгийн бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулахыг зорьж байна.

Share
0